Стартапуудад олгох хөрөнгө оруулалтын төрлүүд

Гайхалтай санаанаас агуу руу хөтлөх хөшүүрэг нь стартапын хувьд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт байдаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын төрлүүд хэрхэн ажилладаг, юугаараа хоорондоо ялгаатай талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Pre Seed Funding                                                                                                                                                                                                                                                                      Үүсгэн байгуулагчид бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, шинж чанараа тодорхойлох үе буюу байгууллагын хамгийн эхний үе шатанд шаардагдах хөрөнгө. Ихэвчлэн Pre Seed Funding-г үүсгэн байгуулагчид өөрсдөө хийдэг.

Seed funding                                                                                                                                                                                                                                                                                 Seed хөрөнгө оруулалтыг мод тарихтай зүйрлэж болно. Seed хөрөнгө оруулалт нь албан ёсны санхүүжүүлэлтийн хамгийн эхний шат ба дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа бизнест оруулах хөрөнгө оруулалт юм. Олон бизнесүүд дараагийн түвшний Series A болон дараа дараагийн хөрөнгө оруулалтыг авч чаддаггүй.

Series A funding                                                                                                                                                                                                                                                                      Series A хөрөнгө оруулалт нь зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай, тодорхой хэмжээний орлоготой, тодорхой тооны үйлчлүүлэгчтэй болсон бизнесүүдэд бүтээгдэхүүн сайжруулалт хийх, өргөжихөд туслах зорилгоор хийдэг хөрөнгө оруулалт юм.

Хөрөнгө оруулагчид Series A Funding хүсэж байгаа бизнесүүдээс гайхалтай санаанаас гадна амжилтанд хүргэх, байгууллагын цар хүрээг тэлж чадах зөв стратегийг чухалчилж хардаг байна.

Series B funding                                                                                                                                                                                                                                                          Series B хөрөнгө оруулалт хүсэж буй бизнесүүд нь нэгэнт өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад баталсан байгууллагууд байдаг. Тэдгээр дараагийн түвшинд үйл ажиллагаа явуулахад бэлэн хэрэглэгчийн тоо, ашиг, орлого нь тогтмол нэмэгдсээр байгаа байгууллагуудад үйл ажиллагаагаа улам тэлэхэд нь туслах зорилготой хөрөнгө оруулалтыг Series B Funding гэнэ.

Series C funding                                                                                                                                                                                                                                                            Уг хөрөнгө оруулалтыг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, өөр компани худалдан авч цар хүрээгээ тэлэх, гадны зах зээл рүү нэвтрэхээр бэлтгэж буй компаниуд авдаг.

 

Энтрепренер хүн бүрийн үзэх ёстой цувралууд

Та өөрийн бизнесээ эхлүүлэх, амжилттай удирдах талаар олон ном уншиж, подкаст сонссон ч байж болох ч доорх олон ангит кинонууд “аяллаа” үргэлжлүүлэхэд тань гарын авлага болох болно.  Сүүлийн жилүүдэд стартап, энтрепренершипийн эргэн тойронд олон алдартай телевизийн бүтээл төрсөн ч, Монголын залуу бизнес эрхлэгчдэд илүү тохирох цувралуудыг толилуулж байна.

  1. “Start-Uр”

Солонгосын “Start-Uр” цуврал нь гарсан даруйдаа “хит” болж, барууны стартапын ертөнцийг гайхашруулсан юм. Тус цувралд стартапын хурдасгуур хөтөлбөр, венчур сан, энжел хөрөнгө оруулагчид болон технологийн стартапыг амжилтад хүргэх үүсгэн байгуулагчдын тухай энийн ойлгомжтой боловч яг байгаагаар нь харуулж чаджээ.

Тус цувралын 16 анги тус бүр нь танд нэг хичээл болох бөгөөд хүн бүр гүйцэтгэх захирал болж чаддаггүйг, ментор хүн хэрхэн тусалж чадахыг, үүсгэн байгуулагчдын мөрөөдөл яаж алсын харааг тодорхойлж буйг эндээс үзээрэй. Мэдээж залуусын хайр сэтгэлгүйгээр Солонгос олон ангит киног төсөөлж болохгүй шүү.

  1. “Silicon Valley”

Технологийн стартап эхлүүлж байгаа бол гарцаагүй таны үзэх ёстой цувралын нэг.  Дэлхийн номер 1 стартапын экосистем болох Цахиурын хөндийтэй танилцаж, тэнд амьд үлдэхээр тэмцэж буй програмист, код хөгжүүлэгчдийн амьдралыг бодитоор мэдрэх болно. Гэхдээ инээд хөөртэй, хөгжилтэйгээр …

Уг цувралыг үзсэнээр та сайн санааг ашигтай бизнес болгон хувиргах, хэлэлцээ хийх ур чадвар эзэмших нь хэчнээн чухал болох мөн түүнчлэн дэмжлэг үзүүлэх сүлжээнд нэгдэх нь ямар чухал гэдгийг ухаарах болно.

  1. “StartUр”

“StartUp” бол асар их шунал болон шинэ крипто валютын ачаар нийт хоорондоо салшгүй холбоотой болсон дөрвөн хүний түүхийг өгүүлдэг. Иззи Моралес хэмээх залуу GenCoin криптовалютыг өөрчлөхийг хүссэн ч хөрөнгө оруулагчаас бохир мөнгө авснаар бүх ээдрээ эхэлдэг.

“StartUр” цуврал 2016 онд крипто валютын талаар анхлан зарлаж байсан бол өдгөө 2021 онд хэрхэн дэлхий ертөнцийг өөрчилж байгааг бид бэлхнээ харж байгаа. Тиймээс заавал үзэх ёстой цуврал байгаа биз.

  1. “TVF Pitchers”

2015 онд олны хүртээл бол уг цуврал Энэтхэгийн стартапын ертөнцийн нүүр хуудас болжээ.  Энэ бүтээл нь зөвхөн стартапаа амжилтад хүргэх тухай бус хүмүүсийн хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг тусгасан байна.  Технологийн салбарт хүч сорьж буй залуусын өмнө тулгарч буй саад бэрхшээлүүд, уналт босолт, үзэн ядалт урвалт гээд бүгдийг үнэнээр нь өгүүлдэг. Тийм ч учраас тус цуврал танд сургамж болно.

Хамгийн түрүүнд “баг” гэдэг сайн санаа, их хэмжээний хөрөнгө оруулалтаас ч илүү чухал гэдгийг ухаарах болно.

  1. “Billions”

Энтрепренерүүдээ! Тэрбумтан болохыг хүсэж байгаа бол “Billions” цувралыг л үзэх хэрэгтэй.  Энэхүү олон ангитад хөрөнгийн зах зээл, арилжаа, хөрөнгө оруулалт, сангууд гээд санхүүгийн зах зээл болон түүний оролцогчдын тухай илэн далангүй өгүүлнэ.

Үзэж дууссаны дараа та тэрбумтан болохын тулд ихээхэн золиос шаардлагатай гэдгийг, санхүүгийн зах зээлийг хамгийн баян оролцогчид болон улс төрийн нөлөөлөл хэрхэн удирддаг болохыг ойлгож авна.

Танай стартап хурдасгуур хөтөлбөрт элсэх ёстойг илтгэх 5 шинж

Хурдасгуур хөтөлбөрт элсэх нь стартапуудын хувьд бизнесээ өргөжүүлэх хамгийн дөт арга зам юм. Цор ганцаараа урагшилж яваа компаниудыг бодвол хурдасгуур хөтөлбөрөөс бойжиж гарсан стартапууд хамаагүй түрүүлж алхдаг.

Хэрэв та хурдасгуур хөтөлбөрт элсэх эсэхээ шийдээгүй амжаагүй бол энэ нийтлэлийг дуустал нь уншаарай.

  1. Та цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулахад бэлэн байх

Хурдасгуур хөтөлбөрүүд ихэвчлэн 3-5 сарын хугацаанд сонгосон стартапуудаа олон төрлийн үйл ажиллагаанд хамруулдаг. Үүсгэн байгуулагчдын энтрепренер болон хувийн ур чадваруудыг нэмэгдүүлэх мастерклассууд, ментор, хөрөнгө оруулагчтай хийх уулзалт, арга хэмжээ зэргээр ачаалал ихтэй сарууд үргэлжилнэ. Тиймээс танай стартап дээрх бүгдэд идэвхтэй, манлайлж оролцохын тулд цаг заваа бүрэн зориулахад бэлэн байх хэрэгтэй.

  1. Стартапаа өргөжүүлэхэд удирдлага, ур чадвар шаардлага байх

Дөнгөж стартапаа эхлүүлж байгаа эсвэл үйл ажиллагаагаа явуулж байгаа хэн бүхэнд олон талын мэдлэг туршлага, зөвлөгөө чиглүүлэг хэрэг болдог. Бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв төлөвлөх, бүтээх,  зах зээлд нэвтрүүлэх, оюуны өмчийг баталгаажуулах, санхүүгийн төлөвлөлт, шинжилгээ хийх гэх мэт. Хэрэв танайх энэ бүх алхмуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол хурдасгуур хөтөлбөр нь таны очих ёстой газар юм.

  1. Хөтөлбөрөөс хүртэх үр ашгийг тодорхойлсон байх

Элсэхээр сонирхож буй хурдасгуур хөтөлбөрөө сайтар судалж, давуу талуудыг жагсаах нь зүйтэй. Тэдгээрээс өөрсдийн хүртэх үр ашгаа тодорхойлж, түүндээ хүрэх зорилго, зорилтоо гаргана. Ингэж байж сонгогдсоны дараа хөтөлбөрт илүү үр ашигтай ажиллаж чадна.

  1. Компанийнхаа тодорхой хувийг хуваалцахдаа бэлэн байх

Сонгогдсон стартапууд компанийнхаа тодорхой хувийг хурдасгууртай хуваалцдаг. Тиймээс та бусад хувьцаа эзэмшигчид, үүсгэн байгуулагч нартайгаа  зөвшилцөн, нэгдсэн тохиролцоонд хүрсэн байх шаардлагатай. Нэмж хэлэхэд, хурдасгуур бүр харилцан адилгүй хувь эзэмших саналыг стартапуудад тавьдаг байна.

  1. Ментор, хөрөнгө оруулагчдын сүлжээнд нэгдэхийг хүсч байх

Туршлагатай, танигдсан ментор, түншүүд түүнчлэн санхүү, менежментийн дэмжлэг өгөх боломжтой хөрөнгө оруулагчдын холбоо, сүлжээ нь таны бизнесийг өргөжин тэлэхэд их хувь нэмэр оруулна. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс, байгууллагуудтай нэгдье гэвэл хурдасгуур хөтөлбөр л энэ боломжийг танд олгоно.

Хэрэв та дээрх таван асуултад ТИЙМ гэж хариулж байвал хурдасгуур хөтөлбөрт эргэлзэлгүй элсээрэй. Үүний тулд яг одоо https://mstars.mn/apply/ -д дарж, бүртгүүлээрэй.