MStars Hub-ийн анхны төгсөгчдийн нэг “АРТУМ” хөрөнгө оруулалт авлаа

MStars Hub-ийн анхны төгсөгчдийн нэг, барилгын салбарын хүний нөөц, захиалагч нарыг холбосон  “Артум” стартап нь  мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Аствишн”  компаниас хөрөнгө оруулалт авлаа.

Тус хөрөнгө оруулалтыг авснаар “Артум”-ын систем хөгжүүлэлт дараагийн шатандаа гарч, дагаад Монголын барилгын салбар дахь дижитал шилжилт эрчимжин, хэрэглэгчдэд тулгамддаг олон асуудал шийдэгдэх боломжтой юм.

“Артум” компанийн үүсгэн байгуулагч Д.Санжсүрэн: “Бид байгуулагдсан цагаасаа хойш барилгын захиалагч болон гүйцэтгэгч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж, энэ салбартаа танигдан, олон тооны ажлыг амжилттай гүйцэтгээд байна. “Аствишн” компаниас хөрөнгө оруулалт авснаар өөрсдийн технологийг хэрэглэгч төвтэй, боловсронгуй аппликейшн болгон хөгжүүлж, барилгын салбарыг илүү бүтээмжтэй, илүү хялбар болгох юм.”

“Аствишн” компанийн үүсгэн байгуулагч, CEO О.Энхмөнх: “Айл өрх, албан байгууллагын анхдагч хэрэгцээнүүдийн нэг болсон барилгын үйлчилгээний салбарт цахим шилжилт хийх шаардлага тулгараад байгаа. Энэ асуудлыг шийдэхээр зорьж яваа, өсөх ирээдүйтэй энтрепренер залуусын алсын хараанд нэгдээд, хамтран ажиллахаар шийдсэн гэж хэлж болно.”

Ийнхүү MStars Hub-ийн тавдах стартап хөрөнгө оруулалт авснаар, анхны 11 төгсөгчийн 50-иас илүү хувь нь хөрөнгө оруулалт авч чадлаа. “MStars Hub нь энжел болон VC гэх мэт бүх төрлийн хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажилладаг бөгөөд цаашид хүрээгээ улам тэлсээр байх болно” хэмээн MStars Hub-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц хэллээ.

 

Хоёрдахь хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Танд олон хүний асуудлыг шийдсэн, зах зээлд “тэсрэлт” хийх стартапын санаа бий уу? Тухайн санаагаа бодит болгож, амжилттай стартапыг эхлүүлмээр байвч зориг дутаж, учрах эрсдэлээс айсаар л явна уу?

Тэгвэл Монголын стартапуудын амжилтыг хурдасгаж, учрах эрсдэлээс нь хамтдаа үүрэлцэх MStars Hub-ийн хоёр дахь элсэлт явагдаж байгааг дуулгая!

MStars Hub нь Олон улсын GAN нэгдлийн албан ёсны гишүүн бөгөөд танай стартап уг хурдасгуур хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс групп болон бусад түнш байгууллагууд, шилдэг менторуудаас суралцаж, дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг авах нөхцөл бүрдэх юм.

MStars Hub-д элссэнээр танай стартап:

  • Мастеркласс: Бизнесийн загвараа зөв тодорхойлж, ур чадвараа нэмэгдүүлэх мэдлэг, туршлагаас суралцаж,
  • Менторууд: Стартапын уналт, босолтыг өөрийн биеэр туулж, амжилтад хүрсэн менторуудаас зөвлөгөө сонсож,
  • Экосистем: М-Си-Эс групп болон Ментор, Хөрөнгө оруулагчид, Түнш компаниудтай холбогдон ажиллаж,
  • Грант: 15-30 сая төгрөгийн тэтгэлгийг авч,
  • Оффис: Зорилготой, хүсэл тэмүүлэл дүүрэн бусад стартапуудтай мөр зэрэгцэн ажиллах тохилог оффис гээд дээрх бүгдийг ямар ч үнэ төлбөргүйгээр авах болно.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага: Дижитал дээр суурилсан, технологийн стартап байх. Ингээд л гүйцээ.

 

Стартапынхаа амжилтад хүрэх олон жилийн хугацааг 5 сар болгон товчилж, хэдэн саяын зардлаа багасгахыг хүсвэл та яг одоо ЭНД дарж бүртгүүлээрэй.

ДЕМО ӨДӨР 11 СТАРТАП 138 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ АВЛАА

“ДЕМО ӨДӨР”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД…

МСтарс Хаб анхны элсэлтэд бүртгүүлсэн 170 стартапаас дөрвөн удаагийн шалгаруулалтаар шилдэг 11 стартапаа сонгож аваад хурдасгуур хөтөлбөрөө эхлүүлж байсан нь саяхан. Гэтэл хэдийн 5 сар өнгөрч, энэ сарын 11-ний өдөр Скай Резортын Хүн театрт хөрөнгө оруулагчид, түншүүд, хэвлэл мэдээлэл, менторууд оролцсон Демо өдрийг олон улсын жишгийн дагуу амжилттай зохион байгууллаа.

ДЕМО ӨДӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Дэмо өдөр бол хурдасгуур хөтөлбөрийн хувьд хамгийн чухал арга хэмжээ юм. Учир нь богино хугацаанд бүхий л талаар амжилтыг нь хурдасгасан стартапууд шийдэж буй асуудал, гарц шийдэл, бизнесийн өсөлт зэргийг багтаасан пич\найраагаа хөрөнгө оруулагч, корпораци, түншүүдийн өмнө танилцуулж, дараагийн шатны хөрөнгө оруулалтаа авах боломжоо нэмэгдүүлдэг. Мөн стартапуудын маркетингийн хувьд ч үнэлж баршгүй их ач холбогдолтой. Тиймээс хөтөлбөрийн эхнээс л энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг гэж хэлж болно.

БЭЛТГЭЛ АЖИЛ

МСтарс Хаб-ын хурдасгуур хөтөлбөр 5 сарын хугацаанд үргэлжилдэг. Сонгож авсан 11 стартапаа 21 удаагийн мастеркласс, 15-30 сая төгрөгийн грант, ажиллах тав тухтай оффис зэргээр хангаж, зөвлөж, чиглүүлэх ментортой болгон амжилтыг нь хурдасгасан. Бид бүгдийн энэ их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнг харуулах учир сүүлийн хоёр сард нь Демо өдөртөө шаргуу бэлдсэн. Жишээлбэл,  стартапууд бизнес загвараа сайжруулан, бүтээгдэхүүний туршилтаа ихэсгэж, пичээ улам бүр төгс болгож байв. Харин МСтарс Хабын зүгээс арга хэмжээний хөтөлбөрөө боловсруулан, хөрөнгө оруулагчдаа урьж, дэлхийн жишигт нийцүүлэн зохион байгуулахаар гүйцэтгэлдээ шамдан орсон. Мөн менторууд маань ч бидэнд олон талаар тусалсныг онцлох хэрэгтэй.

ДЕМО ӨДӨР

“Өнгөрсөн хугацаанд хэрхэн өсч дэвжив?, Цаашид ч зогсолтгүй урагшилсаар зах зээлд “тэсрэлт” хийж чадна гэдгээ харуулаад өг. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн МСтарс Хаб-ын гүйцэтгэх захирал Ч.Даваажамц арга хэмжээг урам зоригтой эхлүүлэв. 11 стартап маань хоёр хэсэгт хуваагдан тайзан дээр пичээ танилцуулсан ба дунд нь багахан хэмжээний завсарлага авсан юм. Хөрөнгө оруулагчдад гуравхан минутад бизнесээ тайлбарлан, анхаарлыг нь татна гэдэг хэцүү даваа. Гэсэн ч стартапууд маань том тайзан дээр сандралгүй пичээ тавьж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа ахин нэг шат ахиулав.  Демо өдрийн төгсгөлд 11 стартапад маань 138 хөрөнгө оруулах сонирхлыг хөрөнгө оруулагчдын зүгээс илэрхийлсэн. Тэгэхээр нэг стартап дундажаар 10 гаруй санал ирсэн гэсэн үг. Тиймээс Демо өдрийн гол зорилго биеллээ. Дараа дараачийн уулзалт, хэлцлүүдийг хийж, гэрээ үзэглэх торгон мөч бид бүгдийг хүлээж байна.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Технологийн стартапуудын үнэ цэнийг ойлгодог, үр өгөөжийг нь хүртэх сонирхолтой шинэ үеийн 100 гаруй хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирсэн. Үүнд: Миг даатгал, Интелмайнд, NCD, Тесо зэрэг томоохон компаниуд болон Л.Огторгуй, Д.Билэгт, Б.Танан зэрэг энжел хөрөнгө оруулагчид багтаж байв. Демо өдрийн дараа олон хөрөнгө оруулагчидтай санал солилцсон бөгөөд “Инвескор Капитал” -ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг хэлэхдээ “Би хөрөнгө оруулалт хийхдээ гурван зүйлийг чухалд тооцдог. Нэгдүгээрт, Санаа. Дараа нь үүсгэн байгуулагчдын ур чадвар. Гуравт, Тэдний хүсэл тэмүүлэл. Энэ бүгдийг би өнөөдөр харж чадсан. Миний оролцож байсан Демо өдрийн арга хэмжээнүүдээс хамгийн шилдэг нь байлаа. Шиннэлэг, инновацлаг стартапуудын пичийг сонссондоо сэтгэл хангалуун буцаж байна” гэв. Эндээс үзэхэд, Хөрөнгө оруулагчдын технологийн стартапуудад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн, хөрөнгө оруулалтын шинэ жишиг тогтож эхэлснийг илтгэнэ. Тиймээс Монголын стартапын экосистемийн бүх оролцогч талууд бүрдэн, хурдацтай хөгжиж, юникорн төрөх цаг улам л ойртсоор.

ДАРАА НЬ ЯАХ ВЭ?

МСтарс Хаб-ын анхны төгсөлт болж, 11 стартап маань дараагийн нислэгээ хийсэн тул бид хоёрдахь кохортоо хүлээн авах бэлтгэлдээ ханцуй шамлан орлоо. Тиймээс 5 сарын хугацаанд амжилтаа хурдасгаж, дараагийн шатны хөрөнгө оруулалт авах хүсэлтэй бүх стартапуудыг УРЬЖ БАЙНА. Бүртгэл 2022.03.18-нд хаагдах тул амжиж www.mstars.mn/apply линкээр бүртгүүлээрэй.

БАЯРЛАЛАА

Өнгөрсөн хугацаанд МСтарс Хаб нь Монголын стартапын экосистемийн гол холбогч болж, Дэмо өдрөө амжилттай зохион байгуулахад бусад оролцогч талуудын хүчин чармайлт, тус дэмжлэг хамгийн их нөлөөлсөн. Тиймээс бүгдэд нь талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу?

Юуны түрүүнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, үнэт цаг заваа зориулсан бүх менторууддаа талархал илэрхийлье.

Дөнгөж гараанаасаа хөдөлж буй стартапуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харамгүй бэлэглэсэн “М-Си-Эс Кока Кола”, “Телкоком”, “Интерактив”, “Скай Резорт”, “Сэтгэл судлалын үндэсний төв”, Toki, U point зэрэг бүх хамтрагч түншүүддээ баярлалаа.

Демо өдөр хүрэлцэн ирж, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн бүх хөрөнгө оруулагчид болон бусад зочид, дэмжигчдэдээ баярлалаа.

Мэдээж стартапын экосистемийг хөгжүүлэгч, МСтарс Хаб-ын дэмжигч MCS Ventures-дээ талархаж байна.

Хамгийн сүүлд нь эрч хүчтэй, тэмүүлэл дүүрэн 11 старапдаа баярлалаа. Угтаа бол МСтарс Хаб ч өөрөө старап билээ. Тэгэхээр бидэнтэй анхны амжилттай түүхийг бичилцэж, үнэт туршлагыг бүтээлцсэн та бүхэндээ талархаад баршгүй.

 

Стартапуудад олгох хөрөнгө оруулалтын төрлүүд

Гайхалтай санаанаас агуу руу хөтлөх хөшүүрэг нь стартапын хувьд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт байдаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын төрлүүд хэрхэн ажилладаг, юугаараа хоорондоо ялгаатай талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Pre Seed Funding                                                                                                                                                                                                                                                                      Үүсгэн байгуулагчид бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, шинж чанараа тодорхойлох үе буюу байгууллагын хамгийн эхний үе шатанд шаардагдах хөрөнгө. Ихэвчлэн Pre Seed Funding-г үүсгэн байгуулагчид өөрсдөө хийдэг.

Seed funding                                                                                                                                                                                                                                                                                 Seed хөрөнгө оруулалтыг мод тарихтай зүйрлэж болно. Seed хөрөнгө оруулалт нь албан ёсны санхүүжүүлэлтийн хамгийн эхний шат ба дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа бизнест оруулах хөрөнгө оруулалт юм. Олон бизнесүүд дараагийн түвшний Series A болон дараа дараагийн хөрөнгө оруулалтыг авч чаддаггүй.

Series A funding                                                                                                                                                                                                                                                                      Series A хөрөнгө оруулалт нь зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай, тодорхой хэмжээний орлоготой, тодорхой тооны үйлчлүүлэгчтэй болсон бизнесүүдэд бүтээгдэхүүн сайжруулалт хийх, өргөжихөд туслах зорилгоор хийдэг хөрөнгө оруулалт юм.

Хөрөнгө оруулагчид Series A Funding хүсэж байгаа бизнесүүдээс гайхалтай санаанаас гадна амжилтанд хүргэх, байгууллагын цар хүрээг тэлж чадах зөв стратегийг чухалчилж хардаг байна.

Series B funding                                                                                                                                                                                                                                                          Series B хөрөнгө оруулалт хүсэж буй бизнесүүд нь нэгэнт өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад баталсан байгууллагууд байдаг. Тэдгээр дараагийн түвшинд үйл ажиллагаа явуулахад бэлэн хэрэглэгчийн тоо, ашиг, орлого нь тогтмол нэмэгдсээр байгаа байгууллагуудад үйл ажиллагаагаа улам тэлэхэд нь туслах зорилготой хөрөнгө оруулалтыг Series B Funding гэнэ.

Series C funding                                                                                                                                                                                                                                                            Уг хөрөнгө оруулалтыг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, өөр компани худалдан авч цар хүрээгээ тэлэх, гадны зах зээл рүү нэвтрэхээр бэлтгэж буй компаниуд авдаг.